Чанараар танигдсан чадварлаг хамт олон

Автотээврийн салбар болон танай байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд ямар ажил хийж байна ?

Ер нь манай автотээврийн салбар сүүлийн жилүүдэд маш ахиц, дэвшилтэйгээр хөгжиж байна. 2000 онд Монгол Улсад 100 мянган тээврийн хэрэгсэл байсан бол эдүгээ 800 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Манай улсад олон улс орны орчин үеийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл орж ирж байна. Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгын хүрээнд техникийн хяналтын үзлэгийг 2000 оноос эхэлж хэрэгжүүлсэн. 2005 оноос энэ үйл ажиллагааг байнгын болгосон. Одоо бид техникийн хяналтын үзлэгийг олон улсын жишигт хүрэхийн тулд ISO стандартын дагуу итгэмжлэлд хамруулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр манай техникийн хяналтын төвүүдэд үзлэгт хамрагдаж стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Өөрөөр хэлбэл, бид олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Бид зөвхөн тээврийн хэрэгслийн техникийн хяналт гэлтгүй автотээврийн салбарын зарим үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна.

-Автотээврийн үндэсний төв мэргэшсэн жолоочийг бэлтгэдэг. Энэ жил хэчнээн жолооч бэлтгэсэн бэ. Цаашид транзит тээвэрт явах жолооч нарыг бэлтгэх үүрэг ногдож байх шиг байна?

-Авто тээврийн тухай хуульд 2008 онд өөрчлөлт  оруулсан. Нийтийн зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгсэл, хүнд даацын тээврийн хэрэгсэл, ер нь авто машинаар ажил үйлчилгээ эрхэлж орлого олдог жолооч бүхэн мэргэшсэн байхаар заасан. Хуульд заасны дагуу 2008 оноос өмнө жолооч болсон хүн тухайн ангиллаараа шалгалт өгч шууд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно. Харин 2008 оноос хойш жолооч болсон хүн заавал сургалтад хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах ёстой. Нийслэл болон аймгийн төвүүдэд авто сургуулиуд бий. Тэнд сургалтад хамрагдан Авто тээврийн үндэсний төвд ирж шалгалт өгнө. Нэг үгээр хэлбэл жолооны курсууд сургалт явуулж, манай байгууллага шалгалтыг нь авах юм. Шалгалтад тэнцсэн тохиолдолд үнэмлэх олгодог.

-Танай хөдөлгөөний удирдлагын төвөөс улс, хот хооронд явж байгаа тээврийн хэрэгслийг GPS төхөөрөмжийн тусламжтайгаар хянадаг шүү дээ. Цаашид энэ төхөөрөмжийн хэрэглээг өргөжүүлэх шаардлагатай юу?

-Улс, хот хооронд нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Эдгээр тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан. Байршил тогтоох төхөөрөмжийн тусламжтайгаар хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслүүдийн байршил, хурд, хөдөлгөөний чиглэлийг хянах боломжтой. Тухайлбал, хаана явж байгаа, ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан эсэхийг мэдэж болдог. Одоогийн байдлаар улс, хот хоорондын нийтийн тээврийн  үйлчилгээнд  явж байгаа тээврийн хэрэгслүүдийг хянаж байна. Ер нь аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс машиндаа GPS төхөөрөмж суулгуулж манай байгууллагатай холбоод өөрсдөө хянах боломжтой. Хамгийн энгийн жишээ дурдъя л даа. Түргэний машин дуудлага аваад явахдаа хаана явж байгаа нь мэдэгддэггүй шүү дээ. Дуудлага өгсөн айлдаа очсон уу, түгжрээд явж байна уу, айлаа олохгүй төөрч байна уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Хэрвээ байршил тогтоох төхөөрөмж суурилуулчихвал дуудлага өгсөн хүн, явуулсан байгууллага нь ч машинаа хаана явж байгааг нь мэдэх боломжтой. Хот тохижилтын машин ч энэ төхөөрөмжийг суурилуулах бүрэн боломжтой. Одоохондоо бид машины хурд, байршлыг хянаж байна. Цаашид машины жин, шатахууны зарцуулалт, ямар бараа явж байгааг хүртэл камерын систем ашиглаж хянах нөхцөл нь бүрдсэн. Үүнийг нэвтрүүлэхийн төлөө зорьж ажиллаж байна.

-Цаашид хэрэгжүүлэх ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Манай байгууллагын хувьд олон ажлыг хийх шаардлагатай байна. Техник технологи асар хурдтай хөгжиж байгаа нийгэмд  хуучин арга барилаар ажиллах нь тохиромжгүй. Тэгэхээр энэ чиглэлээр нэлээд үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Бидний үйл ажиллагаа эхнээсээ ухаалаг системд шилжиж байна. Бид нийтийн тээврийн хэрэгслээ хянах боломжтой болчихлоо. Мөн өмнө нь бид өөрийн биеэр очиж, дугаарлаж автобусны тасалбараа авдаг байсан бол одоо гэртээ компьютерийнхээ ард сууж байгаад л тасалбараа захиалдаг болсон. Жолооч нар машин нь техникийн хяналтын үзлэгт орох хугацаа нь болсон эсэхийг манай вэб сайт руу ороод шалгаж болно. Энэ мэтчилэн техникийн дэвшлийг ашиглаж зарим үйл ажиллагаа маань ухаалаг системд шилжиж байна. Би түрүүнд бас хэлсэн. Цаашид чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорьж ажиллах хэрэгтэй. Бид техникийн хяналтын үзлэг хийж байгаа тоног төхөөрөмжүүдээ баталгаажуулах лаборатори байгуулж байна. Техникийн хяналтын үзлэгийн төвүүдээ итгэмжлэлд хамруулна, авто үйлчилгээний байгууллагуудад тохирлын үнэлгээ хийж, ангилал тогтооно. Энэ бүгд бидний зорилт. Ер нь чанартай үйл ажиллагаа явуулъя гэж зорьж байна. Иргэддээ хүрсэн, хүнд сурталгүй үйл ажиллагаа явуулах нь чухал. Машин хүний өдөр тутмын хэрэгцээ хэдий ч цаанаа аюул дагуулж явдаг. Авто ослын улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж байна. Ослыг бууруулах, гаргахгүй байх хэрэгтэй байна. Манай улсад зүүн талдаа жолооны хүрдтэй машин ашиглаж байгаа. Гэтэл одоо ашиглагдаж байгаа машины 40 гаруй хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Энэ нь осол, аваар гарахад нөлөөлдөг. Баруун талдаа жолоотой болохоор ямар аюул дагуулж байна вэ гэвэл  машин шөнө явахад гэрлийн тусгал нь буруу тусч урдаас ирж байгаа машины жолоочийг  гялбуулдаг, нөгөө талаас баруун талаас зам хөндлөн гарахаар явж байгаа явган зорчигч харагдаггүй. Энэ бүхнээс шалтгаалж осол гарч байна. Тиймээс энэ асуудал бидний анхаарлыг ихэд татаж, судалгаа хийж байна. Цаашид баруун талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох эсвэл баруун талын жолоог зүүн талд нь шилжүүлэн байрлуулах, гэрлийн тусгалыг зөв болгох гэх мэтчилэн төрийн бодлогын хэмжээнд авч үзэх асуудал аль хэдийн үүссэн байна. Энэ мэт олон асуудал авто тээврийн салбарт бий. Гэхдээ энэ бүхнийг манай автотээврийн салбарынхан, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэхийн төлөө л ажиллаж байна.

-Автомашиныг хилээр сэлбэг гэж оруулж ирээд угсраад зардаг гэсэн асуудал бий. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Танайх улсын бүртгэлийн дугаар олгодог шүү дээ?

-Тийм асуудал нэг хэсэг байсан. Бүр задалж, тайрч оруулж ирээд эргүүлээд угсраад дугаар олгоод хөдөлгөөнд оролцдог үе байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Манай байгууллага тийм машинд дугаар олгодоггүй. Бүртгэл хийдэггүй. Бид одоо автомашиныг бүртгэхдээ арлын дугаараар нь бүртгэж байна. Арлын дугаар дахин давтагдаггүй. Мөн бид бүртгэхдээ гаалийн байгууллагын баримтыг үндэслэдэг. Хэрвээ гаалиар машин гэж орж ирээд татвараа төлсөн тохиолдолд бүртгэж байна. Түүнээс сэлбэг гэж орж ирсэн машиныг бүртгэхгүй.  Сэлбэгийг машин гэж бүртгэхгүй. Өмнө нь бид цаасан дээр бүртгэлийн ажлыг явуулдаг байлаа. Тухайн үед цаас нь алга болдог, олдоггүй байх зэргээс шалтгаалж дугаар нь давхцах зэрэг будлиан үүсдэг байсан. Одоо цахим хэлбэрт оруулсан. Хэрвээ арлын дугаар нь давхацвал систем маань хүлээж авдаггүй юм.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.